top of page
Search

Ачаа тээврийн эрсдэл үүссэн шалтгаан, арга зам

"Мандал Эрсдэлийн Форум-2021"-ийн Ковид ба ачаа тээврийн эрсдэл сэдвийн хүрээнд илтгэсэн Монложистикс Холдинг ХХК, Гүйцэтгэх захирал Г.Хишигбатын илтгэлийг хүргэж байна.

Германы хамгийн том даатгалын компани болох Allianz-аас явуулсан судалгааны үр дүнгээр "Дэлхийн ТОП 10 бизнес эрсдэл"-ийн 1-рт ложистикс тээврээс шалтгаалсан бизнесийн доголдлын эрсдэл тодорхойлогдсон. Үүнийг дэлхийн дахинд болж байгаа үйл явдлууд баталж байна. 2021 оны 9-р сард дэлхийд хүчин чадлаараа 9-д ордог Лос анжелес хотын Лонг бийч порт энгийн үед 3-5 хөлөг онгоц очерлодог байсан нь 60 болтлоо нэмэгдсэн. Энэхүү үйл явдлыг New York Times сэтгүүлд "The Great Global Supply Chain Disruption 2021" хэмээн цохон дурдаж, хор нөлөө үр дагаврын хувьд ч их байгааг бичсэн. Далайн тээврийн дундаж үнийг дагадаг индекс (FBX) нь хэвийн үед 1300-1500 хооронд хэлбэлздэг бол одоогийн байдлаар 8 дахин өсөөд байна.

Ачаа цагтаа ирсэн байдлын индекс (OTP) дэлхийн хэмжээнд 2019 онд 83%-тай байсан бол 2021 онд 39% болтлоо буурсан. Харин манай улсын хувьд энэ индекс 2019 онд 92% байсан бол 2021 онд 64% болж буурсан үзүүлэлттэй байна. Үнийн өсөлтийн хувьд Монложистикс группээс 2019 болон 2021 оны байдлыг харьцуулсан судалгааны үр дүнгээр Замын үүд, Эрээний нөхцөл байдалтай холботойгоор түүвэр машины үнэ 87% өссөн байна.


Тэгвэл 2022 онд биднийг юу хүлээж байна вэ?


Нийт дэлхийн экспорт болон БНХАУ-ын экспортын хувьд сүүлийн 3 улиралд түүхэн рекордуудаа шинэчилсэн. Ердөө 2.5 жилийн дотор Экспортын өсөлт БНХАУ-ын хувьд 47% байгаа бол бусад улс орны хувьд 14% байна. Өсөлт харьцангуй өөрчлөлттэй байсан ч бүх улс оронд жигд байж чадаагүй.


БНХАУ-ын экспортын өсөлтийг дагаад чингэлэг хомсдол үүссэн. Тус улсын экспортын 65%-ийг гүйцэтгэдэг далайн тээврийн үнэ өсөлт, үлдсэн 25%-ийг гүйцэлдүүлдэг төмөр зам ачааллаа дийлдэхгүй бол вагон хомсдол үүсээд байна. Хятадын хувьд төмөр замын урсгалаа экспорт луугаа чиглэх шийдвэр гаргаснаар манай улсын импортын үйл ажиллагаа явагддаг Тианжин портод нөлөөлсөн.


Хүчин чадлаараа дэлхийд 8, БНХАУ 6-д ордог, манай улсын нийт импортын 15% явагддаг Тианжин порт дээр хэвийн үед Тианжин-Эрээний чиглэл сард 40-45 цуваа явдаг байсан бол 3-р сараас хойш дунджаар 20 цуваа болж буурсан. БНХАУ-ын экспорт өссөнтэй холбоотой вагон олдоц муудсан.


Тианжин порт дээр дундажаар 30-90 хоног ачаа тээвэр саатаж байна. Үүсэж буй үр дагаврын хувьд бараа материалын саатал, хугацааны асуудал, чингэлэг түрээс, хадгаламжийн зардал ($ 3,000-$ 15,000/чингэлэг) бий болоод байна. Хамгийн сүүлийн мэдээгээр хуримтлагдсан чингэлгийн тоо 6000 байна.


Түүнчлэн зах зээлд эзлэх хувиараа дэлхийд 4-т ордог, Монгол улсын чингэлэг тээврийн 90%-ийг гүйцэтгэдэг БНХАУ-ын хамгийн том далайн тээврийн компани болох COSCO Shipping Line 2021 оны эхээр дэлхийн далайн тээврийн эрэлт өсөж, чингэлэг хомсдож, 3-р сараас эхлээд Тианжин порт Монгол чиглэлийн ачаанууд саатаж эхэлсэнтэй холбоотойгоор авсан арга хэмжээ нь ачаа тээврийн эрсдэлийг бий болгов.


COSCO Shipping Line компани чингэлгийн чөлөөт хоног өмнө нь 45 хоног байсныг 7 хоног болгож, хоног хэтэрвэл түрээсийн зардал нэмж, чингэлэг барьцаа төлбөр авч эхэлсэн, Монгол чиглэлийн ачаанд хязгаарлалт тогтоох болсон. Тианжин-УБ чиглэлийг өөрсдөө гүйцэтгэх болсон. Чингэлэг тутам $1200/чингэлэг зардал гаргаж, экспорттой холбоотой зардлаа Монголоос нөхөж авах бодлого руу шилжсэн. Монгол чиглэлийн ачаанд хязгаарлалт тогтоож, сорчлох болсон.


Манай улсын нийт импортын 50%-ийг нэвтрүүлдэг, БНХАУ-тай хиллэдэг хамгийн том боомт болох Замын Үүдэд хэвийн үед хоногт 250 машин нэвтэрдэг байсан бол дотооддоо халдвар тархаж, Дорноговьд эерэг тохиолдол бүртгэгдсэнээс шалтгаалан хоногт 50 машин болж буурч, хил хоорондын тээврийн үнэ 10 дахин өссөн (RMB 6,000-65,000). Эрээн боомтын ачаалал хэтэрч БНХАУ-аас авах ачаа татан авалтыг багасгасан, Замын Үүд дэх машины тоо 5,000 давсан. Өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоож, Эрээний боомт таг гацсан байдалтай байна.


2022 оны төлөв


Дэлхийн ложистикс доголдол дэлхийн худалдаа, БНХАУ-ын экспорттой холбоотойгоор 2023 он хүртэл үргэлжилнэ гэж харж байна.Тодорхой бус байдал Ковид болон улс орнуудын бодлоготой холбоотойгоор үргэлжилнэ. Эрээн болон Замын-Үүдийн нөхцөл байдлын хувьд манай дотоодын халдвар бууралттай бол Бээжингийн өвлийн олимптой холбоотойгоор БНХАУ хилээ сулруулах магадлалтай тул 2022 оны 3-р сараас дээрдэнэ гэж харж байна. Агаарын тээвэр болон Алтанбулаг боомтын үйл ажиллагааг мөн дээрдэнэ гэж харж байна.


2022 оны эрсдэл


Монголын импортын хувьд нэгдүгээрт, Монгол улсын далайн гарц хязгаарлагдмал байх; хоёрдугаарт, ложистиксийн доголдол үргэлжлэх; гуравдугаарт, тээврийн үнэ өндөр түвшинд байх гэсэн 3 гол эрсдэлийг онцолж байна. Эдгээр эрсдэлүүдийг үүсэх магадлал, авчрах үр дагавраар нь харвал эрсдэлийн түвшин өндөр юм.


ААН болон төр юунд анхаарах хэрэгтэй вэ?


Далайн гарц хязгаарлагдмал байх эрсдэлийн тухайд: ААН-ийн зүгээс далайгаар ирдэг бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурахыг анхаарах; Тээвэр зуучтай хамтран өөр боломжит тээврийн маршрут хувилбар судлах хэрэгтэй. Төрийн зүгээс Тээвэр зууч, МТЗНХ-той нягт ажиллаж, Тианжин COSCO-с хамаарлаа бууруулах стратеги боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Тианжин гаалиас чингэлгээс шилжүүлэн ачих зөвшөөрлийг авах, ОХУ болон БНХАУ-тай төрийн түвшинд урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэх талаар анхаарах хэрэгтэй.


Ложистикс доголдол үргэлжлэх эрсдэлийн тухайд: ААН-ийн зүгээс бараа материалын төлөвлөгөөгөө зохицуулж, аль болох захиалга, татан авалтыг эрт өгөх; Тээвэр зууч, үйлдвэрлэгчтэй сайн харилцаа холбоотой байх; Монгол улсад агуулахын эрэлт, үнэ өсөх; үйлдвэрлэгч талын төлбөрийн нөхцөл дээр анхаарах хэрэгтэй. Төрийн зүгээс боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр бодлогоор дэмжих, тээвэр зуучдыг бодлогоор дэмжих тал дээр анхаарах хэрэгтэй.


Тээврийн үнэ өндөр түвшинд байх эрсдэлийн хувьд: ААН-ийн зүгээс төсөв, бизнес төлөвлөгөөнд зөвөөр тусгах, хөрвөх чадвар дээр анхаарах (тээвэр зуучуудын кредит чадвар буурч байгаа) хэрэгтэй. Төрийн зүгээс ААН-дийн хөрвөх чадварыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг өргөжүүлэх, сунгах; авто тээврийн үйл ажиллагааг албажуулах (баримт, НӨАТ) хэрэгтэй байна.


Төрд өгөх зөвлөмж ба хүсэлт:

  • Тээвэр зуучууд, МТЗНХ зэрэг мэргэжлийн байгууллагуудтай нягт харилцаа холбоотой ажиллах

  • Аливаа асуудал, эрсдэлийг урьдчилан харж сэргийлэх, бэлдэх (proactive)

  • Хэт экспорт дээр төвлөрөх бус импортыг мөн орхигдуулахгүй байх

  • Асуудлыг үндсээр нь шийдэх гэж оролдох, шинж тэмдэгүүдийг дараад хаях биш

  • Засгийн газар ташаа ПР мэдээгээр бусдыг төөрөгдүүлэхгүй байх

Боломж юу байгаа вэ?


Монгол Улс газарзүйн байршлын хувьд нэг талдаа үйлдвэрлэгч, нэг талдаа хэрэглэгч улс байдаг тиймээс Ази, Европыг холбосон ложистик хаб болох боломж ковидтой холбоотой улам нэмэгдсэн. БНХАУ-с Европ/ОХУ руу чиглэсэн төмөр замын тээвэр 1.5 сая чингэлэг хүрч 20% өссөн бол энэ зах зээлийн ердөө 15%-ийг Монголын корридороор явуулж байна. Хэрвээ бид төмөр зам, авто замын дэд бүтцээ хангалттай болгож чадвал уул уурхайн салбартай өрсөлдөхүйц том боломж юм.


Мөн ачаа тээврийн эрсдэлтэй холбоотойгоор Монложистикс группийн зүгээс "Logistics forum-2022" арга хэмжээг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

267 views0 comments
bottom of page