top of page
Search

МОНГОЛЫН ТОП 5 ЭРСДЭЛ – ӨВЧЛӨЛ

Мандал Даатгал ХК-ийн шинжээчдийн зүгээс эмхлэн гаргадаг “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн 12 дахь удаагийн тойм бэлэн болжээ. Энэ удаагийн нийтлэлээр бид “Үндэсний эрсдэлийн индекс”-ээс Нийгмийн эрсдэл, тэр дундаа өвчлөлийн эрсдэлийг онцлон танилцуулж байна.

“Үндэсний суурь эрсдэлийн индекс”-ээр иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон албан байгууллагын үйл ажиллагаанд хэмжигдэхүйц, бодит хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн эрсдэлүүдийг нэгтгэн тоон утгаар хэмжиж эрсдэлийн түвшинг тодорхойлдог. Эрсдэлийн индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлдэг.


Жил бүр нийгмийн эрсдэл дунд хүн амын өвчлөлийн индекс хамгийн өндөр байдаг. Манай улсын халдварт өвчнөөр өвчлөгсөд, хэвтэн эмчлүүлэгчид болон хорт хавдраар өвчлөгсдийн тоо тасралтгүй өсөж байгаа нь үүний гол шалтгаан болж буй.


2021 оны хувьд хүн амын өвчлөлийн индекс 7.7 байгаа нь 2020 онтой харьцуулахад 3 нэгжээр өссөн байгаа үзүүлэлт юм. 2020 оны өвчлөлийн индекс 4.7 байсан нь хөл хорио болон халдвар хамгааллын дэглэмийн үр дүн гэж харж болох юм. Учир нь халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж чадсан нь бусад халдварт өвчний тохиолдлуудыг буурахад тодорхой хувь нэмрийг оруулжээ.

Эргээд 2021 оны өвчлөлийн индексийн дэлгэрэнгүй рүү орцгооё. Өнгөрсөн жилийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 935,000 болж 11.8%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнд “Ковид-19” өвчлөл болон түүнээс улбаатай хүмүүсийн хууч өвчин сэдэрч, хавсарсан өвчин тусах зэрэг нь голлон нөлөөлсөн байна.


Монгол Улсын хэмжээнд элэг, ходоод, уушги, улаан хоолой умайн хүзүү зэрэг эрхтний хорт хавдар зонхилон тохиолддог. 2021 оны байдлаар 6 мянга гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2020 онтой харьцуулахад 9%-иар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч хорт хавдрын шалтгаант нас баралт 5%-иар өсжээ.


2021 оны өвчлөлийн индекс өсөхөд голлон нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол халдварт өвчин юм. Өнгөрөгч онд 31 төрлийн 575.9 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Үүний 561,194 тохиолдол буюу нийт халдварт өвчний 97.4%-ийг “Ковид-19” эзэлж байгаа юм. Түүнчлэн цар тахал эхэлснээс хойших хугацаанд 2 мянга гаруй иргэн амь насаа алджээ. Дайн дажингүй энх цагт өвчний улмаас ийн тооны иргэдээ алдана гэдэг харамсалтай.


“Ковид-19”-ын хамгийн сүүлийн мутацийн хувилбар бол Стелс-омикрон. Энэ нь ВА.2.12 болон ВА 2.12.1 гэсэн мутацитай бөгөөд халдварлуулах чадвар нь эхний хувилбарын омикрон вирусээс 30 ба 90%-иар тус тус хүчтэй аж. Түүнчлэн давтан халдварлуулах магадлал нь бусад вирусийн мутациас 25-30%-иар их байгааг тогтоожээ.


Халдвар авсан иргэдийн дийлэнх хувь нь эдгэрсэн. Гэвч өвчний хэлбэрээс хамааран хүн бүрд эдгэсний дараах үр дагавар харилцан адилгүй илэрч байгаа юм. АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар Ковид-19 эдгэсний дараагаар эрүүл мэндэд 50 хүртэлх тооны хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй аж. Түүнчлэн ДЭМБ-аас өвчилсөн 10 хүний нэгт нь эдгэсний дараагаар ч Ковидын дараах шинж тэмдгүүд илэрсээр байгааг мэдэгдсэн.

Ингээд харахад цар тахал хэзээ дуусахыг хэн ч таашгүй. Цаашид 10, магадгүй 100 шинэ хувилбар гарахыг үгүйсгэх боломжгүй. Дээр нь эдгэсэн ч эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч байгаа нь уртдаа ямар эрсдэл дагуулахыг бид мөн л мэдэж чадахгүй. Энэ бүхэн санаа амрах болоогүй гэдгийг дахин нэг сануулж байгаа болов уу.


Бүртгэгдсэн бусад халдварт өвчнийг эзлэх хувиар харцгаая.

Гуравхан сая хүн амтай улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний (Ковид-19-өөс бусад) талаас илүү хувийг эзэлнэ гэдэг харамсалтай үзүүлэлт. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн суурь мэдлэг, бэлгийн боловсрол хангалттай хэмжээнд байхгүй байгааг дахин илтгэж байна.


Жишээ болгон нэг судалгааны үр дүнг дурдъя. 18-21 насны иргэдээс бэлгийн замын халдварын болон хамгаалах аргын талаар асуухад 95% нь энэ талын мэдлэгтэй гэж хариулсан байдаг. Гэвч анх бэлгийн харьцаанд ороход өөрийгөө хамгаалж чадсан уу гэдэг асуултад ердөө 25-30% нь тийм гэсэн хариултыг өгчээ. Хүн өөрөө халдвар авахаас нааш энэ бүх асуудал түүнээс асар хол гэж хардаг. Гэвч тоон мэдээлэл эсрэг талыг баталж буй.


Та “Мандал Эрсдэлийн Форум”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

189 views0 comments
bottom of page