13 дахь удаагийн “Мандал Эрсдэлийн Форум” нь 10 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг форумын үндсэн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлийг бууруулахад оршино. Үүний зэрэгцээ эрсдэлийг таних, үнэлэх, урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгдөг гэдгээрээ онцлог юм.

Энэ удаагийн форумаар олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болоод нийгэмд тулгамдаж буй эрсдэлүүдийг онцлон, мэргэжилтнүүдийн судалгаа, ирэх жилийн төлөвийг тоймлон хүргэсэн юм. Түүнчлэн орчин цагийн байгууллагуудад тулгамдаж буй дижитал шилжилттэй холбоотой кибер орчны аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга зам зэрэг цаг үетэйгээ нийцсэн сэдвүүдийг хөндсөнөөрөө уг арга хэмжээ онцлог боллоо. Ийнхүү та бүхэнд “Мандал Эрсдэлийн Форум”-аас дараах онцлох санаануудыг хүргэж байна.
Дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэл
КОВИД-19-ын улмаас дэлхийн эдийн засаг бууралттай гарсан. Энэ ч утгаараа хямралыг тогтоон барихын тулд дэлхийн бүх улс орнууд зах зээлд ДНБ-ий 10-30%-тай тэнцэх хэмжээний мөнгийг нийлүүлсэн юм. Үүний дараагаар тухайн мөнгө инфляц болж, бодлогын хүүг нэмэгдүүлэх буюу зах зээлээс буцаад мөнгийг татаж эхэлсэн юм.
Дэлхийн эдийн засгийн томоохон тоглогчдын бодлого, өрнөж буй үйл явдлын нөлөөлөл зэргээс бид эдийн засгийн том зургийг таамаглах боломжтой. Маш олон судалгааны байгууллагууд 2.9-3% өсөлтийн таамаглал гаргасан. Хэдийгээр геополтикийн нөхцөл байдал нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн ч энэхүү таамаглал нь том хямралын эрсдэл бага байхыг илтгэж буй. Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн дүгнэлтүүдийг гаргаж болох юм. Үүнд:
Улс орнуудын бодлогын хүү өндөр болж байгаатай холбоотой зах зээл дээрх мөнгийг хумих бодлого барьж байна. Монгол Улс маш их гадаад өртэй явдаг тул АНУ-ын бодлогын хүү нэмэгдэж байгаа нь бидэнд сөргөөр нөлөөлж, бонд санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ гэж ойлгож болох юм.
Хөгжиж буй зах зээл рүү хөрөнгө оруулалт буурсан. Иймд, бид Монгол Улсад гэнэт их хэмжээний гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлтээ орхих хэрэгтэй.
Одоогийн байдлаар зэс, нүүрс, алтны үнэ өндөр байгаа. Нүүрсний үнэ өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд байгаа. Гэвч бид дэд бүтцээ хангалттай сайн бэлдээгүй, энэ өсөлтийн өгөөжийг хүртэхэд хангалттай сайн бэлтгэгдээгүй байсан тул өгөөжийг хүртэж чадахгүй байсан. Гэвч дэлхийн эдийн засгийн савлагаанаас гарж байгаа энэ боломжийг бид ашиглах орон зай байна гэж харж байна.
Инфляц хэсэгтээ өндөр байна. Харин инфляцын нэг аюултай зүйл бол дэлхий даяарх нэг нэгэндээ дамжиж тахал мэт тархдаг.

Долларын ханшийн эрсдэл
Цар тахлын нөхцөл байдал шувтарсан ч БНХАУ руу гаргах нүүрсний экспортод найдсаар улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам дордсоор байна. Тодруулбал:
Тур зуурын шинжтэй гэж тайлбарлаж байсан инфляц 15%-иас сүүлийн 2 жил буугаагүй
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг жилийн 20% унаж, 3340 төгрөгт хүрсэн
Валютын нөөц 40%-иар буурч, 2.7 тэрбум ам.доллар хүрч, иргэдийн худалдан авах чадвар огцом буурсан
Үүнд нөлөөлсөн үндсэн шалтгааныг товч тоймлоё. Цар тахлын үед эдийн засгаа дэмжих зорилгоор нийлүүлсэн 7 их наяд төгрөг нь импортыг дэмжин валютын гарах урсгалыг бий болгосон. Харин экспортоос орж ирэх ёстой 600 сая ам.долларын валютын орлого нь манай улсад орж ирэлгүй гаднын гэрээт компаниудад үлдсэн юм. Энэ нь дотоодын валютын нөөц буурахад нөлөөлжээ. Үүний зэрэгцээ иргэд нэг сарын импортын хэрэгцээтэй тэнцэх мөнгөн дүнтэй төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлсэн зэрэг нь голлон нөлөөлсөн.
Ирэх онд бид бодитоор ам.долларын урсгал оруулах (нүүрс), импортыг дэмжсэн төсвийн үр ашиггүй явуулахгүй байх, гадаад бондын төлбөрийг амжилттай сунгах зэрэг нь ханшийг тогтвортой байлгах суурь болно. Хэрвээ бодлогын түвшинд эдгээр арга хэмжээг авахгүй бол ОУВС-ын хөтөлбөрт орох, өрийн хямралд орох эрсдэл Монгол Улсад үүсэх болно.
Кибер эрсдэл
Орчин цагт бид дижитал орчинтой илүү нягт холбогдож, бүхий л үйл ажиллагаа цахим орчинд хийгдэх болсон. Яг үүнтэй холбоотойгоор голлох тоон баримтуудыг дурдъя:
Кибер гэмт хэрэг нь КОВИД-19-ын үеэр 600% өссөн ба үүнээс үүдэн дэлхийн ДНБ-ийн 1%-тай тэнцэх хохирол учирсан
Нийт кибер халдлагын 50% ЖДҮ чиглэсэн байдаг
Кибер гэмт хэрэгтэн сонирхдог мэдээллийг хувьчилж үзвэл: хэрэглэгчийн мэдээлэл – 22%, санхүүгийн мэдээлэл – 17%, стратег, төлөвлөгөө – 12%, ТУЗ-ын мэдээлэл – 11%, хэрэглэгчийн нууц үг – 11%
Кибер халдлагад хамгийн их өртдөг салбаруудыг хувьчилж үвэл: санхүү – 27%, мэдээлэл технологи 18%, үйлдвэрлэл – 13%, худалдаа 9%, үйлчилгээ 1%
2021 онд 1,263 компанийн дунд явуулсан судалгаагаар 80% нь халдлагад нэгээс дээш удаа өртсөн бол 77% нь кибер халдлагын дараа хариу үзүүлэх төлөвлөгөөгүй байсан
Тодруулбал, халдлагын хамгийн түгээмэл төрлүүдээр дамжуулан байгууллагууд руу чиглэсэн халдлагын давтамж болоод эрсдэл эрс нэмэгдсэн гэдгийг харж болох юм. Энэ эрсдэл магадгүй яг одоо үүнийг уншиж байгаа танаас хавьгүй хол санагдаж болох ч өдөр бүр Монгол улс руу чиглэсэн 3.5 сая гаруй кибер халдлага гардаг. Өөрөөр хэлбэл, та бол бай. Халдлагын үр дагавар нь өндөр дүнгээр хэмжигдэх санхүүгийн хохирол, нэр хүнд зэрэг эргэж сэргэхэд нэлээдгүй хөдөлмөр, цаг хугацаа шаардагдах зүйлсээр хэмжигдэж байдаг. Иймд, хувь хүн, байгууллагын хэмжээнд кибер аюулгүй байдалдаа анхаарч, эрсдэлийн удирдлагын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал юм.

Дараагийн КОВИД-ын эрсдэл
Тархвар судлалын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн цар тахлуудтай харьцуулахад КОВИД-19-ыг нас баралт багатайгаар даван тууллаа. Үүний үндсэн шалтгаан нь хүн төрөлтөн технологийн дэвшилтэд хүрч вакцинаа үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ, халдвар хамгааллын арга хэмжээг авч чаддаг болсон юм. Нөгөө талаасаа эрсдэлийг даван туулах менежмент сайжирсан.
Гэвч маш олон эрдэмтдийн зүгээс энэ өвөл Омикроны илүү эрсдэл өндөртэй шинэ хувилбар гарч ирэх магадлалтай болохыг анхааруулж байгаа юм. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчний эрсдэл байна гэдгийг анхааруулсан. Томуу нь нас баралтын эрсдэл өндөртэй амьсгалын замын өвчин гэдгийг санах нь зүйтэй.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл Мэндийн Яамнаас эрсдэлийн менежментийг сайжруулж, олон шинэчлэлийг хийлээ. Үүний нэг бол санхүүгийн шинэчлэлийг хийн гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн явдал юм. Ингэснээр төсвийн бүх мөнгө эрүүл мэндийн даатгал дээр төвлөрч, эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Хэдийгээр энэ нь эмнэлгүүдийн санхүүгийн байдалд эергээр нөлөөлж байгаа ч нөгөөтээгүүр валютын өсөлтөөс үүдэн гадаадаас авдаг эм, эмнэлгийн хэрэгслийн өртөг нэмэгдэж, тогтмол зардлыг барагдуулж чадахгүй байх эрсдэлд орж байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй санхүүгийн шинэчлэлийн хүрээнд “Монгол хүнийг эрүүл мэндээсээ болж санхүүгийн хүндрэлд орохгүй байх ёстой” гэсэн бодлогыг явуулж байгаа. Өнгөрсөн жил 100 гаруй тэрбум төгрөгөөр 21 аймгийн төвийн эмнэлгүүдэд төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Түүнчлэн эрсдэлийг бууруулах зорилготой иргэдийн эрүүл мэндийн даатгалаар урьдчилсан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа юм.
Ложистикийн нөхцөл байдал
КОВИД-19-өөс хамааран зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар тээвэр ложистикийн асуудал их байсан. Дэлхийг хамарсан тээвэр ложистикийн гацаа энэ жилээс эрчимтэй сайжирч сэргэж байгаа юм. Ачаа цагтай ирэх байдал, боомтын гацаа зэрэг холбогдолтой гол бүх датан сайжирч байгаагаас үүнийг харж болно. Дэлхий даяар хэрэгжүүлж байгаа инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлогууд нөлөөллөө өгч эхэлж байна. Нэг талаасаа эрэлт бол огцом буурч, нөгөө талаасаа нийлүүлэлт өсөж буйтай холбоотой үнэ бол буурч байгаа юм. Шинжээчид болон салбарынхны дүгнэж байгаагаар тээвэр ложистик гадаад талдаа 2023 оны 2-р хагас гэхэд КОВИД-19-ын өмнөх хэвийн үетэйгээ ижил түвшинд очих болов уу гэсэн эерэг хүлээлттэй байна. Гэхдээ Монголын нөхцөл байдал бол арай өөр. Бид нар далайд гарцгүй, хоёр хөршөөсөө маш их хамааралтай. Гэтэл хоёр хөрш маань тодорхойгүй байдал өндөртэй. Тэгэхээр бидний зүгээс 3 зүйлийг онцолж байна. Үүнд:
Энэ онд ашиглалтад орсон Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн хилийн холболтын ажлыг онцлох нь зүйтэй. Монгол Улс Зүүнбаян болон Гашуун Суухайтын төмөр замыг ашиглалтад оруулсан. Энэ жилдээ багтаад Хангийн төмөр зам ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Гэвч өдийг хүртэл манай түүхий эдийн экспортын гарцыг дорвитой нэмэгдүүлэх хүчин чадлын нэмэгдүүлэлтийг авчраагүй. Яагаад гэвэл Хятадын талын нарийн цагаригтай холбосон холболт терминалуудыг Монгол улс хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл ашиглалтад орсон томоохон төмөр замууд дотоодын төмөр зам байгаа гэсэн үг юм.
Урд хөршийн “Тэг КОВИД-ын бодлого”-ын хүрээнд хот бүхэлдээ, хэсэгчлэн гэнэтийн байдлаар хөл хорио тогтоох шийдвэрүүд гарч, үйлдвэр, боомтууд гэнэт хөд хорионд орох үед ложистик мэдээж маш ихээр доголддог. Уг бодлогын хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд ажиглагдсан том өөрчлөлт бол Улаанбаатар төмөр замын гол замууд болон түүнийг тойрсон дэд бүтцүүдээр маш их ачаалал нэмэгдсэн гэдгийг санах нь зүйтэй.
Монгол Улсын нийт импортын 8%-ийг Европын импорт эзэлдэг. Мөн валютын төлбөр тооцооны асуудал төвөгтэй байна. Иймд, ОХУ болон Украины дайнаас үүдэж тээвэр ложистикийн хамгийн том түүхий эдийн хэрэглээ болох нефтийн үнэ нэмэгдэж, цаашид ч дахин өсөх эрсдэлтэй байгааг харж болох юм.