top of page
Search

Ирэх жилийн эдийн засгийн “цаг агаар” ямар байх вэ?

Макро эдийн засгийн төлөв 2022 онд ямар байх тухай Мандал Эрсдэлийн Форум дээр ярьсан Мандал Санхүүгийн Нэгдэлийн ерөнхий эдийн засагч Г.Батзоригийн илтгэлийг нийтлэлээр хүргэж байна.

Өглөө бүр бид гэрээсээ гарахдаа цаг агаараа шалгаад түүндээ тохируулж хувцасладаг. Түүнтэй адилхан ирэх жилүүдийн эдийн засгийн цаг агаарыг харах нь зүйтэй юм. Учир нь ирэх жилийн эдийн засгийн “цаг агаар” ямар байхаас шалтгаалаад өрх, бизнес, төрийн бодлого ямар эрсдэлийн удирдлага дор явах нь шалтгаална.


Ковид-19 цар тахал нь дэлхий нийтийн “хууч өвчнийг” хөдөлгөөд байна: Тодруулбал:

  • 5 сая гаруй хүний амь эрстсэн

  • Нэн ядуу хүний тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 130 гаруй саяар нэмэгдэж 730 сая болсон

  • Дэлхий дахинд албан бус секторт ажиллаж буй 2 тэрбум гаруй хүн ажилгүй болж, орлого нь тасалдсан

  • Сүүлийн 40-өөс 50 жил дэлхий нийтээрээ босгож ирсэн дундаж давхарга нуран унаж ихэнх хүмүүс дундаас доогуур давхарга руу орсон

  • Улс орнууд үнийн өсөлт, өрийн дарамтад орсон

Энэ нийтлэлээр бид ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг таамаглал болоод өрх, ААН-үүдийн хүлээлтийн талаарх судалгааны үр дүнг танилцуулъя.

Олон улсын судалгааны байгууллагуудын хэлж буйгаар Монгол улсын вакцинжуулалтын хувь харьцангуй өндөр байгаа тул нас баралтын ба хүнд өвчлөгчдийн тоо ирэх оны эхэн үеэр буурах төлөвтэй байгаа аж. Улмаар 2022 оны сүүлийн хагас гэхэд энэ тархалтын нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ хэмээн таамаглаж байна.

Ковидын нөхцөл байдал жил гаруйн хугацаанд үргэлжиллээ. Улс орнууд үлэмж хэмжээний мөнгөний болон сангийн зөөлөн бодлого хэрэгжүүлсэн. 2008 оны хямралтай харьцуулахад 3 дахин их мөнгө зах зээлд нийлүүлсэн юм. Гэвч бид Ковидоо давж чадаагүй байх үедээ үнийн өсөлттэй нүүр туллаа.

Графикаас харж байгаачлан бага орлоготой, хөгжиж буй болон хөгжингүй орнуудын инфляцын түвшин 2021 он гараад шууд огцом өссөн дүр зурагтай байна. Ирэх жилийн хувьд ихэнх хөгжингүй орнууд инфляцын эсрэг хамгаалалт хийхийн тулд бодлогын хүүгээ өсгөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хөгжингүй орнууд дээрх ерөнхий хүүний өгөөж нэмэгдэж, хүүний түвшин нэмэгдэх юм. Энэ үед хөгжиж буй орнуудаас валютын гадагшлах урсгал бий болж, хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнууд руу шилжинэ. Хөгжиж буй орнуудад энэ нь хоёр төрлийн дарамт бий болгож байна. Тодруулбал, үнийн өсөлт болон валютын ханштай нүүр тулах юм. Эдгээрээс дүгнэхэд 2022 он хөгжиж буй орнуудад нэлээд хүнд жил болох нь харагдаж байна.


Манай улсын хувьд валютын ханшийн дарамт валютын гадагшлах урсгалтай холбоотой ирэх магадлалтай.


Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын түүхий эдийн нийлүүлэлт хомсдолд орж үнэ огцом нэмэгдсэн. Жишээлбэл, зэсийн үнэ 80%, нүүрсний үнэ 147% өссөн байна.


Энэ нь Монгол Улсын хувьд “үүлэн чөлөөний нар” мэт олдож буй ховорхон боломж юм. Түүхий эдийн үнийн мөчлөг дор хаяж хоёр жил, дээд талдаа таван жил үргэлжилдэг. Үүнээс үзэхэд бидэнд түүхий эдийн үнийн өсөлтийг ашиглахад багадаа нэг жилийн хугацаа бий. Гадаад зах зээлд гарч буй энэ эерэг орчныг ашиглах эсэх нь эрсдэлээ хэрхэн удирдаж, экспортоо хэрхэн уялдаатай явуулахаас хамаарч байгаа гэдгийг гадаад зах зээлийн үр дүнгээс харж болно.


Өрх гэрийн хувьд 2022 он ямар байх вэ?


Өрх гэрийн хувьд хагас жилийн дараа орлого буурна гэсэн сөрөг хүлээлттэй байна. Харин энэхүү сөрөг хүлээлтийг дагаад голлох бараа бүтээгдэхүүн буюу автомашин, үл хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа, аялал жуулчлал зэрэг хойшилдог. Тэгэхээр өрхүүдийн хувьд ирэх жил хүлээлт сөрөг байгаатай холбоотой хэрэглээгээ нэлээд танах хандлагатай байна.


2022 онд тэтгэмжийн орлого саарч байгаа нь сөрөг хүлээлтэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм. Хэрвээ цар тахлын хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн халамжийн бодлого байгаагүй бол өрхийн орлого -15% руу буурах эрсдэлтэй байсан.

Түүнчлэн ирэх жилийн хувьд 50 мянга гаруй өрх орлогынхоо 40-50%-тай тэнцэхүйц моргежийн зээлийг төлөх болно. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт зогсох юм. Үүнээс улбаалан өрхийн зарлага нэмэгдэж, хүнсний бус худалдан авалт зогсонги байдалд орно гэсэн дүр зураг харагдаж байна.


ААН-үүдийн хувьд 2022 он ямар байх вэ?


Өрх гэрийн хүлээлтээс ААН-үүдийн борлуулалт өсөх, буурах эсэх нь шалтгаалдаг. Уул уурхайн бус ААН-үүдийн хувьд 60 гаруй хувь нь 2022 оны сүүл үед эдийн засаг хэвийн түвшинд эргэн очно гэдэг хүлээлттэй байна.


Нөгөө талдаа ААН-үүдийн 42% нь борлуулалт ирэх жилийн өдийд хэвийн түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Эдгээрийг нэгтгэн дүгнэхэд ААН-үүд хүлээлтийн хувьд нэлээд сөрөг, илүүтэй “бүсээ чангалах” бодлого баримтална гэдгийг хүлээлтийн судалгаанаас харж болох юм.


Үйлчилгээний, боловсруулах салбаруудыг ирэх жил огцом өснө гэж харахгүй байгаа ба үүнд нөлөөлөх хэд хэдэн шалтгаанууд бий. Тодруулбал:

  • Цагийн хязгаарлалт

  • Борлуулалт хумигдаж байна

  • Үйлчлүүлэгчдийн тоо хязгаарлагдаж байна

  • Хамгийн том хэрэглэгч болох өрхүүд зарлагаа танах төлөвтэй байна

Иймд, ирэх жилийн хувьд уул уурхайн бус салбаруудын хувьд өсөлт харагдаж байгаа хэдий ч, өндөр өсөлтийг таамаглахгүй байгаа юм.


Харин уул уурхайн салбарын ААН-үүдийн хувьд зэс болон нүүрс гэсэн хоёр бүтээгдэхүүн дээр суурилаад ярихад голоо оночихно.

Хэвийн үед нэг жилийн хугацаанд 36 сая тонн нүүрс экспортоор гардаг байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ хэмжээ 15 сая тонн болж буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь дотоодын халдварын тархалт өндөр байгаатай шууд холбоотой. Тэгэхээр ирэх жилүүдэд Засгийн газраас ногоон бүсийг хэр амжилттай байгуулж чадахаас шалтгаалан манай улсын экспорт өсөх эсэх нь тодорхой болох юм.


Гэвч нөгөөтээгүүр цар тахлын нөхцөл байдлыг эс тооцвол бидэнд хүлээгдэж буй эерэг болоод том нөлөөллүүд байна. Тухайлбал:

  • Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх

  • Оюу Толгойн далд уурхайтай холбоотой хэлэлцээрийн үр дүн

Эдгээрийг харахад 2023, 2024 онууд өндөр өсөлттэй жил болох боломж байна.

ААН-үүдийн хувьд дүгнэхэд 2022 оны сүүлийн хагасаас нөхцөл байдал харьцангуй сайжирна гэж үзэж байна. Уул уурхайн салбарыг хэрхэн удирдахаас шалтгаалан уул уурхайн бус салбарын ирээдүй тодорхойлогдох тул ногоон бүс байгуулах ажил өндөр ач холбогдолтойд тооцогдож байна.


Улс орны эдийн засгийн тухайд


Сангийн яамнаас ирэх жил хүлээгдэж буй гадаад өр зээлийн хугацааг хойшлуулж чадсан. Ингэснээр бидэнд ирэх валютын дарамт, валютын гадагшлах урсгал багасаж байна. Иймд, ойрын жилүүдэд ханш огцом өснө гэдэг хүлээлтийг өөрчлөх нь зүйтэй. Монгол Банкны хувьд ч ханшийг тогтвортой хадгалж чаддаг байна.


Харин инфляцын хувьд 9.9%-тай байна. Инфляцыг задлаад харахад 50 гаруй хувь нь мах, хатуу түлш, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүнээс хамаарч буй. Өөрөөр хэлбэл энэ нийлүүлэлттэй холбоотой инфляц юм. Тэгэхээр Засгийн газрын бодлогоор эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрэлтийг тогтворжуулж байж одоогийн инфляцыг түр зурын буюу оны төгсгөлд буурах чиглэл рүү хөдөлгөж чадна. Түүнээс Монгол Банкны зүгээс хэчнээн бодлого явуулаад нийлүүлэлтийн гаралтай инфляцыг “эмчлэхгүй”. Хэрэв үүн дээр ямар нэгэн бодлого хэрэгжүүлж эс чадваас ужгирсан инфляц буюу инфляцын өсөлт үргэлжлэх эрсдэл бий.


158 views0 comments
bottom of page