top of page
Search

Мандал Эрсдэлийн Форум 2020 | Онцлох 5 санаа

Эдийн засагч болон шинжээч нарын таамаглалаар 2022 онд бодит өсөлт эхлэх аж. 2021 онд эдийн засаг өсөлттэй байх хэдий ч 2020 оны үед уналтад орсон үеийг нөхөж хэвийн байдалдаа орох ба дахин нэг жилийн хугацаанд энэ байдлыг хадгалж чадвал эдийн засгийн бодит өсөлт эхлэх юм.

Монгол улсын хувьд эрсдэлийг мөн чанар талаас нь гарцаагүй тохиолдох зүйл гэдгийг харьцангуй ойлгож эхэлсэн ч хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах талаар мэдлэг дутмаг хэвээр байна. Энэ асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж Мандал Даатгал ХК-аас эрсдэлийн удирдлагын форумыг 2010 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ.


Уг форум нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах зорилготойгоор түүнийг таньж мэдэх, зөв үнэлэх, урьдчилан сэргийлэх болон учирсан хохирлыг бууруулах арга хэрэгслүүдийн талаар мэдлэг өгч ирээдүйн төлөвлөлтдөө зөв ашиглах талаар туршлага, мэдлэг хуваалцдагаараа онцлогтой.


11 дэх удаагийн эрсдэлийн удирдлагын форум нь дэлхий нийтийг хамарсан томоохон цар тахлын үеийн эдийн засаг ба нийгэмд тулгамдсан эрсдэл ба боломжуудыг хөндсөн билээ. Ийнхүү та бүхэнд “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ”-аас дараах онцлох санаануудыг хүргэж байна.


Нийгмийн эрсдэл нэмэгдэж байна


Нийгмийн эрсдэл гэдэгт хүн амын өвчлөл, гэмт хэрэг, үйлдвэрийн осол, зам тээврийн осол, объектын гал түймрийн эрсдэлүүд хамаардаг. 2020 оны нийгмийн эрсдэлийн индекс 5.5 байгаа нь өнгөрөгч оноос 0.2 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ийнхүү өсөхөд үйлдвэрлэлийн осол 1.7 нэгжээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь хувь хүн, албан байгууллага бүр эрсдэлийн удирдлагын тогтсон бодлого шаардлагатай гэдгийг батлан харуулж байна.


Эдийн засгийн бодит өсөлт


2020 онд нийт улс орны 90 орчим хувь нь эдийн засгийн хувьд агшсан байхад БНХАУ ганцаараа тэлж буй юм. 2020 оны хагас жилийн дүнг харахад АНУ 31.7 хувиар, ИХ Британи 20.4 хувиар, Герман улс 9.7 хувиар, Япон улс 7.9 хувиар тус тус уурсан байхад БНХАУ 11.5 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлжээ. Түүнчлэн, БНХАУ нь ДНБ-тэй харьцуулахад хамгийн бага мөнгийг зах зээлд нийлүүлсэн буюу урт хугацааны хор нөлөө маш багатайгаар эдийн засгийн хүндрэлээс гарч чадсан. Энэ нь манай улсад сайн нөлөөтэй. Учир нь Монгол улсын эдийн засаг үндсэндээ зэс, нүүрсний үнээс хамааралтай, мөн нийт экспортын 89 хувь зөвхөн БНХАУ руу гардаг. Харин зэс, нүүрсний үнийг урд хөршийн эрэлт тодорхойлдог гэхэд хилсдэхгүй.


Эдийн засагч болон шинжээч нарын таамаглалаар 2022 онд бодит өсөлт эхлэх аж. 2021 онд эдийн засаг өсөлттэй байх хэдий ч 2020 оны үед уналтад орсон үеийг нөхөж хэвийн байдалдаа орох ба дахин нэг жилийн хугацаанд энэ байдлыг хадгалж чадвал эдийн засгийн бодит өсөлт эхлэх юм. Түүнчлэн 2021-2022 онд шинээр 2.5 их наяд төгрөгийн баялаг бүтээх боломж бүрдэж байна.


Хеджинг хийх шаардлага бий юу


Хеджинг гэж юу вэ? Хеджинг бол хоёр талын хооронд хийгдэх ирээдүйд тодорхой санхүүгийн хэрэгслийг өнөөдөр тохиролцсон үнээрээ арилжих гэрээ юм. 2011 онд 1920 хүрсэн алтны ханш 2016 онд 1050 хүртэл буурсан билээ. 2019 оноос Трамп гадаад худалдааны дайныг эхлүүлж улмаар 2020 онд КОВИД-той золгосон алтны ханш 2070 хүртэл өсөв. Үүнийг дагаад алт олборлогч компаниудын ашиг 2018-2020 онуудад өсөлттэй хэвээр байна. Гэвч удахгүй вакцин гарвал яах вэ? Хамгийн түрүүнд огцом хүчтэй уналт хийх хэрэгсэл бол алт юм. Энэхүү уналтаас алтны компаниуд өөрсдийгөө хамгаалах нэг боломж нь хеджингийн хэрэгслийн нэг болох пут опцион худалдан авах юм.


Эрүүл мэндийн салбарт бий болсон шинэ шаардлага


КОВИД дэгдсэн үеэр эмнэлэг цар тахлыг тараах голомтын нэг болсноос үүдэн эмч, мэргэжилтнүүд өвчтөнийг зайнаас хянах, зөвлөгөө өгөх зэрэг шаардлагууд бий болсон. Энэ нь технологийг уламжлалт анагаах ухаантай хослуулснаар анагаах ухааны салбарт томоохон дэвшил бий болохыг харуулсан тод жишээ. Технологийн ачаар дан ганц өвчтөнийг зайнаас хянахаас гадна ген засварлах ч боломж хүн төрөлхтөнд бүрдэх юм. Ген засварлах боломжтой болсноор хорт хавдар, ХДХВ зэрэг бидний эрүүл мэндэд учрах хамгийн том аюул заналхийллийг хэдэн жилийн дараа гэхэд арилгах бүрэн бололцоотой.


Саруул ухаанд эрүүл бие оршино

Цар тахлын үеэр дэлхий нийт тодорхойгүй хугацаагаар хөл хорио, хязгаарлалтуудтай нүүр тулсан билээ. Энэ нь зөвхөн санхүүгийн хувьд ч бус биеийн, сэтгэцийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн юм. Нийгмийн харилцаанд оролгүй удсанаас үүдэн ганцаардах, сэтгэл гутралд орох, согтууруулах ундааны хэрэглээ ихсэх, гэр бүлд үл ойлголцол гарах зэрэг нь наад захын жишээ. Бидэнд сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт хомс байгааг хөл хорионы үе дахин баталлаа. Учир нь ямарваа нэгэн тодорхой бус нөхцөл байдал үүсэхэд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдэх, ойр дотнын хүмүүстээ яаж туслах зэрэг мэдлэг нь биднээс асар хол ойлголт мэт хүлээж авдаг хэрэг.


Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг дан ганц хувь хүн, гэр бүлийн хүрээнд авч үзэх бус албан байгууллага, төр засаг ч чухалчилж анхаарах шаардлагатай. Өөрийгөө ажиглаж, хүлээн зөвшөөрч, өөртэйгөө ажиллаж, тусламж авахаасаа санаа зоволгүй, гэр бүл, дотнын хүмүүстээ чанартай цагийг зориулах хэрэгтэй юм.


141 views0 comments
bottom of page